12/02/2026
Ямар баян хүн “Надаас гуй би чамд өгнө” гэж хэлж чадах вэ?
Хүн төрөлхтөн баялгийг ихэвчлэн нүдэнд харагдах зүйлээр хэмждэг. Өндөр барилга, үнэтэй машин, алт мөнгө, нэр алдар гэх мэт эдгээрийг хараад бид “энэ хүн баян” гэж хэлдэг. Гэвч баялаг гэдэг үнэхээр энэ бүхнээр хэмжигддэг үү?
Хэрэв та дэлхийн хамгийн баян хүний өмнө очоод:
“Надад маргаашийн амийг өгөөч.”
“Зүрхний амар тайвныг минь буцааж өгөөч.”
“Нүглийг минь уучлаад өгөөч.”
“Үхлээс авраач.”
гэж гуйвал тэр өгч чадах болов уу?
Тэр хүний баялаг агуулахад нь байгаа алт мөнгө байж болно.
Гэвч амь, уучлал, мөнх амь тэнд байхгүй.
Библи бидэнд өөр Нэгэн Баяны тухай өгүүлдэг. Тэр бол зүгээр нэг баян хүн төдий биш, харин бүхнийг Эзэмшигч Нэгэн юм.
“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.”
(Хаггай 2:8)
Энэ бол хүний үг биш. Энэ бол Бурханы айлдвар. Дэлхий дээрх баялаг Түүнийх. Учир нь:
“Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн,
Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд
ЭЗЭНийх юм.”
(Дуулал 24:1)
Бурхан бол бүтээгч. Тиймээс Тэр бол ЭЗЭН. Эзэн учраас Тэр өгөх эрхтэй.
Есүс Христ хүн төрөлхтөнд ийн хэлсэн:
“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.”
(Матай 7:7)
Энэ бол хоосон амлалт биш. Энэ бол Эцгийн зүрхнээс гарсан урилга. Бурхан гуйлтыг сонсдог. Тэр харамч биш. Харин өгөхдөө баярладаг.
Зарим хүмүүс Бурхан өгөх чадвартай юу? гэж асуудаг. Тэгвэл Тэр аль хэдийн хамгийн үнэтэйгээ бидэнд өгсөн.
“Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?”
(Ром 8:32)
Хэрэв Бурхан Өөрийн Хүү Есүс Христийг бидний төлөө өгсөн бол, бидний хэрэгцээ төдийхнийг хангахгүй гэж үү?
“Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана.”
(Филиппой 4:19)
Анхаарах нэг зүйл бол Бурхан хүсэл болгоныг биш, харин хэрэгцээ бүрийг хангана гэж амласан. Түүний өгдөг баялаг нь зөвхөн эд материал биш.
Тэр нүглийн уучлалыг өгдөг (1 Иохан 1:9).
Тэр шинэ зүрх өгдөг (Езекиел 36:26).
Тэр амар тайвныг өгдөг (Иохан 14:27).
Тэр мөнхийн амийг өгдөг (Ром 6:23).
Эдгээрийг дэлхийн ямар ч баян худалдаж авч чадахгүй.
Тиймээс эхэнд асуусан асуултын хариулт тодорхой:
“Надаас гуй, би чамд өгнө” гэж бүрэн эрхтэйгээр хэлж чадах цорын ганц Баян бол Бурхан.
Тэр бол нигүүлслээр баян.
Тэр бол хайраар баян.
Тэр бол авралаар баян.
Тэрэнд боломжгүй зүйл гэж байхгүй.
Өнөөдөр ч Бурхан танд ийн хэлж байна:
“Надад итгэж, Намайг дагаж, Надад найдвараа байлгаж, Надаас гуй…” гэж.
Тиймээс асуулт нь Бурхан өгч чадах уу гэдэгт биш.
Харин бид Түүнээс гуйх уу гэдэгт оршино.