06/07/2026
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо 790 жилийн тэртээ сүр жавхлантайгаар сүндэрлэн, ёслол төгөлдөр нээлтээ хийсэн “Түмэн амгалант асар” хэмээх хааны ордны талаар түүхийн олон сурвалжид тэмдэглэн үлдээжээ.
Хааны ордны өмнө байрлаж байсан алдарт “Мөнгөн мод” нь Монголын эзэнт гүрний сүр хүч, оюун ухаан, элбэг дэлбэг байдал, хааны эрх мэдлийг бэлгэддэг байсан бөгөөд ордонд хүрэлцэн ирсэн элч төлөөлөгч, зочдыг хүндэтгэн дайлах ёслолын чухал бэлгэ тэмдэг байв.
Түүхэн сурвалжид дурдсанаар, “Мөнгөн мод”-ны дөрвөн лууны амнаас балын ундаа, усан үзмийн дарс, айраг, будааны нэрмэл урсан гардаг байсан нь тухайн үеийн инженерийн ухаан, дархны урлагийн гайхамшгийг илтгэсэн хосгүй бүтээл байжээ.
Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төрийн төв байгаагүй бөгөөд дэлхийн худалдаа, соёл, шашин, гар урлалын томоохон төв болон хөгжиж байв. Энд олон орны худалдаачид цугларч, худалдааны бодлого хэлэлцэн, олон шашны төлөөлөгчид эв найрамдалтайгаар ном хаялцаж, харилцан үзэл бодлоо солилцдог байсан юм. Мөн дэлхийн шилдэг гар урчууд, дархчууд төвлөрсөн “урлангийн хот” хэмээн алдаршиж байжээ.
Энэхүү түүхэн өвийг өнөө үед сэргээн мөнхжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түмэн амгалант асар” ХХК нь Хүннүгийн үеийн олдвор, соёлын өвийн хэв шинжид тулгуурлан, домгийн амьтдын дүрслэлээр алдарт “Мөнгөн мод” бүтээлийг урлан байгуулсан юм.
Энэхүү бүтээлийг дараах түүхэн ойг тохиолдуулан бүтээв.
-“Түмэн амгалант асар” хааны ордны 790 жилийн ой
-Монголын буддын шашны үнэт өв болох Эрдэнэ Зуу хийд байгуулагдсаны 440 жилийн ой
-Хархорин сум үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ой
Өнөөдөр энэхүү “Мөнгөн мод” бүтээлээр дамжуулан Монголын эзэнт гүрний түүх, Хархорум хотын хөгжил, монголчуудын зочдоо хүндэтгэн дайлах өв соёл, тухайн үеийн инженерийн сэтгэлгээ, дархны урлагийн гайхамшгийг дотоод, гадаадын жуулчдад таниулан сурталчлахаар “Түмэн амгалант асар” ХХК-ийн хамт олон итгэл, зүтгэл дүүрэн ажиллаж байна.