24/10/2020
МЕНЕЖЕР АЖИЛД АВНА - ЦАЛИН 3 САЯ ТӨГРӨГ
Дараах шаардлагыг хангана гэвэл мэргэжил, туршлага шаардахгүй. Үүнд:
✅ Ажил бол амьдрал гэсэн хандлагатай.
Ажил бол ажил, ажил бол карьер, ажил бол амьдрал гэсэн ажилд хандах гурван хэлбэрийн хандлага байдаг. Бидэнд ажил, амьдрал хоёрыг хооронд нь эсрэгцүүлж, баланс тэнцвэр ярьдаг хандлагатай хүн хэрэггүй. Энэ ажлыг хийх гэж амьдардаг мэт ажилладаг хүн хэрэгтэй.
✅ Мэргэшихэд анхаардаг.
Чадахгүй юм байхгүй, чаддаг юм ч байхгүй хүн бидэнд хэрэггүй. Ядаж мэргэших чиглэлээ олсон, чиглэлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлдэг хүн хэрэгтэй. Мэргэших чиглэлээс нь хазайлгах, сарниулах ямар ч ажлыг хийдэггүй. Зөвхөн мэргэшихэд нь туслах, холбогдох ажлыг хүлээн авч хийдэг. Мэдэхгүй, чадахгүй ажлыг мэдэх гэж чадах гэж хичээдэггүй. Юм болгоныг мэддэг чаддаг болно гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн хэрэгтэй.
✅ Мөнхийн суралцагч.
Мэдэхгүй, чадахгүй ажил, асуудал тулгарна. Нэгэнт мэргэшихээр шийдсэн чиглэлийнхээ дагуу л ажиллаж байгаа бол мэдэхгүй, чадахгүй гэж хойш суулгүй мэдэх, чадахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч суралцаж чаддаг байх ёстой. Бие даан ухаж нухаж суралцдаг, сургалтад суудаг, туршлагатай хүнээс суралцдаг мөнхийн суралцагч байх ёстой.
✅ Ерөнхийлдөггүй нарийвчилдаг.
Аливаа асуудлыг, ажлыг гүнд орж судалж, хамгийн нарийн чимхлүүр түвшинд задалж мэдэрч, ойлгож дүгнэдэг, хамаарах хүчин зүйлсүүд, нөлөөллүүдийг нь нарийн хэмжиж анализ дүгнэлт гаргадаг. Эргүүлээд шийдвэр гаргахад хялбар, ойлгомжтойгоор тайлагнах чадвартай.
✅ Мөнхийн судлаач.
Хэзээ ч судалгаагүй хөнгөн хуумгай, таамгаар ажил хийдэггүй. Асуудлыг гүнд нь ортол судлаад, нотлоод маш үндэслэлтэй анализ дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Заавал судалгаатай, нотолгоотой, анализ дүгнэлттэйгээр ажлаа хийдэг.
✅ Хариуцлагатай.
За гэвэл ёогүй. Даалгавраа, хүлээж буй үр дүнгээ, эрх мэдлээ сайн ойлгож аваад бүх боломжит аргыг санаачлан хэрэгжүүлж заавал гүйцэтгэдэг.
✅ Төгс гүйцэтгэлд улайрдаг.
Гүйцэтгэлээсээ сэтгэл ханамж авдаг. Дутуу дулимаг, халтар зүйл хийхээрээ шаналдаг, ичдэг. Өөртөө өндөр шаардлага тавьдаг. Тэр шаардлагадаа хүрээгүй байхад бусад хүн магтахад хэзээ ч баярладаггүй. Гүйцэтгэлийн хамгийн өндөр түвшинд үргэлж тэмүүлэн ажиллаж, гүйцэтгэлээрээ бахархдаг.
✅ Асуудал шийдэгч.
Асуудал шийдэх бүтээлч санаачлага гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх маш дуртай. Асуудлыг шийдэхийн тулд нөхцөл байдлыг гүнзгийн нарийн судалж ойлгосны эцэст хамгийн үр ашигтай, бодитой, бүтээлч шийдлүүдийн хувилбарыг гаргадаг. Түүнийгээ санасандаа хүртэл хийж хэрэгжүүлж чаддаг.
✅ Төлөвлөх чадвартай.
Хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай төлөвлөж үр дүндээ хүрч чаддаг. Цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө, өдөр тутмын ажил, төлөвлөсөн ажил, төслүүдийн ажлууд, үүрэг даалгаврууд, гэнтийн ажлууд байнга орж ирдэг нөхцөлд гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд барьж чаддаг байх.
✅ Зохион байгуулах чадвартай.
Цаг үеийн гэнтийн нөхцөл байдлыг мэдэрч хурдан хариу арга хэмжээ, зохион байгуулалтыг хийж чаддаг. Цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгийг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулж зорьсон гүйцэтгэлдээ заавал хүрдэг.
✅ Нягт нямбай.
Нэгэнт хариуцсан ажлаа хэзээ ч унагахгүйн тулд, алдаа гаргахгүйн тулд дахин дахин шалгадаг, байнга хэмждэг, манадаг, хянадаг, сайжруулдаг, алдаа гарах эрсдлийг урьдчилан төлөвлөөд хааж байдаг.
✅ Ачаалал даадаг.
Үүрсэн хариуцлагаа товлосон хугацаандаа, төлөвлөгдсөн гүйцэтгэлийг хийхийн тулд хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө өөртөө ачаалал өгч ажилладаг.
✅ Бүтээмж өндөртэй.
Цагийг маш сайн төлөвлөдөг, хянадаг, хурдтай шаргуу ажилладаг. Ажлын минут бүрийг үр ашигтай, хамгийн өндөр бүтээмжтэй өнгөрүүлэхийн төлөө зүтгэдэг.
✅ Ухаалаг ажилладаг.
Шаргуу ажиллахыг биш ухаалаг ажиллахыг эрхэмлэдэг. Ажлыг илүү хялбараар хийх, илүү бага нөөцөөр илүү үр ашигтай ажиллахад анхаардаг. Хэрэгтэй хэрэггүй ажлыг ялган харах чадвартай.
✅Үгүй гэж хэлж чаддаг.
Шинэ ажил, даалгавар орж ирэхэд одоогийн хийж буй ажлуудтайгаа үнэ цэнийг нь харьцуулж жигнэж бодох, зохицуулаад хийж болох эсэхийг дүгнэсний дараа хүлээн авах эсэх хариугаа өгдөг. Шаардлагагүй ажлыг авахгүй, үгүй гэж хэлж чаддаг байх.
✅Фракц үүсгэдэггүй.
Ажилтан хооронд, ажилтан удирдлага хооронд зохистой зайг баримталдаг байх. Хувийн харилцаа зузаатгах, найзан дундаа орох замаар ажлын шаардлага тавих эрүүл орон зайг эвдэх, ажлын бус харилцааг ажилтан хооронд үүсгэхийг хандлагатай бол таны байх газар биш.
✅ Ажлын уур амьсгалтай.
Ажлын гүйцэтгэлийн төлөө хэнд л бол хэнд ажлын шаардлага тавьж чаддаг, шахаж чаддаг. Хэнээс л бол хэнээс ажлын шаардлагыг эрүүлээр хүлээн авч чаддаг. Ажлын орчинд хувийн авир араншингаа хэзээ ч гаргадаггүй. Ажлын гүйцэтгэлийнхээ төлөө шаардлага хүлээн авахгүй байгаа хүнийг давж дээд албан тушаалтантай шууд харьцаж асуудлаа шийдүүлж чаддаг
✅Ад үзэгдэх зоригтой.
Ажлын гүйцэтгэлийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө нэг хүний комфорт зоныг эвдэж, халдаж шаардлага тавихаас хэзээ ч айдаггүй байх. Тэр хүн юу гэж хүлээн авах бол, бусад хүн юу гэж бодох бол гэж хэзээ ч боддоггүй байх. Хов жив, дам яриа юу гэхэд хэзээ ч ач холбогдол өгдөггүй байх. Ад үзэгдэж, ямар ч нэр хоч зүүсэн өөрийн байр суурьдаа үнэнч байж нэг хувь хүний хувийн зовлон шалтгааны өмнө нийтийн төлөө хөндий хүйтэн сэтгэл гаргаж чаддаг байх.
✅ Эзний ухамсартай.
Ажлаа, компаниа хүний юм гэж хөндий хүйтэн сэтгэлээр хэзээ ч ханддаггүй. Ашиглан, залилан, ажил хийдүүлэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ажлын асуудал бэрхшээлийг өөрийн зовлон бэрхшээлийн хэмжээнд хүлээн авч сэтгэл гарган шаналж, шийдвэрлэхийн төлөө хичээдэг байх.
✅Хатуу үг даадаг.
Ажлын гүйцэтгэл, бүтээмж муудах, алдаа гарах үед удирдлагууд хатуу ширүүн, хорон үг хэлдэг. Юу ч гэж харааж, ерөөж, хатуу ширүүн үг хэлсэн бай тухайн агшинд сэтгэл хөдлөлөө хянаж барьж сурах. Хичнээн буруугүй байсан ч хариу үйлдэл, тайлбар, нүүрний хувирал, биеийн хэлэмж үзүүлэхгүйгээр бурууг хүлээн авч яриаг нь дуустал сонсож чаддаг байх. Харин хэлсэн бүхнийг бүрэн сонсож авах, ойлгож авахад, яагаад ингэж байгааг бүрэн ойлгох таамаглахад анхаарлаа төвлөрүүлэх, хэлсэн бүхнийг нь бичиж тэмдэглэж авах. Дараа нь эрүүл ухаанаар бодож тунгаан хэрхэхээ шийдэх хэмжээний хүлцэнгүй, тэвчээртэй байх.
Дээрх шаардлагыг хангасан хүнд 3 сая байтугайг өгч чадах ажил олгогч байна. Ийм байхын төлөө хичээж чадах, эдгээр шаардлагыг зах зухыг хангаж чадна гэвэл чатаар мэдээллээ ирүүлж бүртгүүлээрэй.